Д.Сумъяабазар хувьдаа эмнэлэгтэй Б.Бямбадоржийг НЭМГ-ын даргаар томилтол өнөөх нь ковидын үеэр 3,2 тэрбумыг халааслачижээ!
Д.Сумъяабазар Нийслэлийн засаг даргаар томилогдсон цагаасаа Сонгинохайрханыхан болон Өвөрхангайнхныг өөд нь татаж албан тушаалд томилж эхэлсэн нь нууц биш болсон асуудал. Үүний томоохон жишээ бол Өвөрхангайн гаралтай Б.Бямбадорж гэгч хуудуутай этгээдийг 2021 оны хоёрдугаар сард ковидийн тухай хуулийг ашиглан Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тухай асуудал юм.
Д.Сумъяабазарын тухайд хувьдаа эмнэлэгтэй Б.Бямбадоржийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаар томилсон нь ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг илтэд зөрчсөн үйлдэл болсон гэлтэй харагддаг. Учир нь Б.Бямбадоржийг “Шинонмед” нэртэй хувийн эмнэлэг ажиллуулдаг нэгэн гэдгийг эрүүл мэндийн салбарынхан тэр аяараа мэддэг аж. Уг эмнэлгийг түүний эхнэр Цэенойдовын Алтанзагасын төрсөн дүү Цэенойдовын Оюунгэрэл удирдан үйл ажиллагааг нь явуулдаг юм байна.
Хамгийн сонирхолтой нь “Шинонмед” эмнэлэг Б.Бямбадоржийг НЭМГ-ын даргаар томилогдсоны дараахнаас буюу 2021 оны тавдугаар сараас эхлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний буюу 3,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг долоохон сарын дотор авчээ. “Шиномед” эмнэлгийн тухайд хэвтэн эмчлүүлэх 60 ортой хэдий ч орныхоо тоог 150 хэмээн мэдүүлж, Оринтиал зочид буудалд ор дэлгэн ковидын эмчилгээ хийж Эрүүл мэндийн даатгалын сангаас сар бүр 300, 400 саяар нь санхүүжилт авдаг байсан байна. Товчхондоо бол үүнийг л ашиг сонирхлын зөрчил гэж хэлээд байгаа юм. (Энэ талаар бичсэн нийтлэлийг энд дарж уншина уу)
Нөгөөтээгүүр нийслэлийн иргэд цар тахалд нэрвэгдэн үхэл, хагацлын гашуун зовлон амсаж суухад НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хувийн эмнэлгээрээ дамжуулан тэднийг эмчилж Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний санхүүжилт авч байсныг улаан цагаандаа гарсан увайгүй үйлдэл хэмээн үзэж болох үндэслэлтэй юм.
Б.Бямбадорж танил тал, нутаг усны нэрээр төрийн албаны туршлагагүй 35 иргэнийг ажилд авчээ
НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн балаг энэ хүрээд дуусдаггүй. Тэрээр НЭМГ-ын даргаар томилогдсон цагаасаа Засгийн газрын тогтоол, Ковидын тухай хууль, Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийг удаа дараагийн үйлдлээр уландаа гишгэн зөрчих болжээ. Тухайлбал, Б.Бямбадорж нь зөвхөн нэг нутаг ус, танил тал гэх халхавчаар төрийн албаны туршлагагүй, мэргэжлийн бус 35 иргэнийг ажилд авч эрх мэдлээ урвуулан ашигласан гэх мэдээлэл байна.
Үүнтэй зэрэгцэн НЭМГ-т ажиллаж байсан 24 мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагч Б.Бямбадоржийн шахалт дарамтын улмаас халагдах, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх гэх мэт шалтгаануудын улмаас ажлаасаа гарцгаажээ. Б.Бямбадоржийн хууль бус халаас сэлгээ, томилгооны асуудлаар Төрийн албаны зөвлөл болон Шадар сайдад гомдол гаргасан 16 мэргэжилтнийг тэрээр “Гарын үсэг зурсан бүх хүнийг зайлуулна” гэж хэлсэн гэх. Одоогийн байдлаар дээрх бичигт гарын үсэг зурсан НЭМГ-ын 12 мэргэжилтэн ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, шахалт дарамтын улмаас сайн дураараа ажлаа өгөөд байгаа нь Б.Бямбадоржийн хэлсэн “зайлуулна” гэдэг заналхийлэл бүрэн дүүрэн хэрэгжсэн гэж дүгнэж болохоор байна.
Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарын тухайд Б.Бямбадоржийн зүгээс энэ мэтээр төрийн жинхэнэ албан хаагчдад ажлын байрны дарамт шахалт үзүүлж хэд хэдээр нь хоморголон халж, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг нь харсан ч хараагүй мэт, мэдсэн ч мэдээгүй мэт дүр эсгэн хамгаалж хаацайлдаг байж болзошгүй байна.
НЭМГ-ын албан тушаалын сонгон шалгаруулалтыг Д.Сумъяабазарын хүсэлтээр цуцалжээ
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг 2022 оны 3 дугаар сарын 17-18-ний хооронд зарласан байна. Гэтэл Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар сонгон шалгаруулалтыг хойшлуулах саналтай байна гэсэн албан тоотыг 2022 оны 03-сарын 03-ний өдөр Төрийн албаны зөвлөлд хүргүүлснээр энэ сонгон шалгаруулалтыг цуцалжээ.
НЭМГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Бямбадоржийг төрийн албаны мерит зарчим болон бусад шаардлагыг хангахгүй нэгэн гэдэг яриа эрүүл мэндийн салбарынхны дунд яригддаг аж. Энэ утгаараа Б.Бямбадорж нь тус сонгон шалгаруулалтад орвол тэнцэж чадахгүй унана гэсэн далд айдсаар Д.Сумъяабазарт нөлөөлөн сонгон шалгаруулалтыг цуцалсан байж болзошгүй байгаа ажээ.
Үргэлжлэл бий...
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна