Орос 3-р сургуулийн эргэн тойронд юу болж байна вэ?

info@yellow.mn
2022/02/20

Нууц.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч С.Будрагчаа Орос 3-р сургуулийн захирал Ж.Соронзонг хууль, журмыг уландаа гишгэж дураараа аашилж байна хэмээн анхлан мэдээлж, улмаар АТГ-т түүний хууль бус үйлдлийг шалгуулахаар гомдол гаргаад байгаа билээ. Тэр бүү хэл шилэн дансан дээрээс мэдээлэл цуглуулж, түүгээрээ нэвтрүүлэг бэлтгэж олон нийтийг шуугиулан талцуулаад байна.

Тэгвэл уг асуудлаар тус сургуулийн төгсөгчид, сурагчдын эцэг эхчүүд болон тодорхой мэдээлэлтэй иргэд цахим орчинд хэрхэн үзэл бодлоо илэрхийлж буйг бид онцлон хүргэж байна.

12-р ангийн сурагчийн ээж С.Баярсувд /“Pearl me salon” салоны захирал/ тус сургуультай холбоотой асуудлаар ийнхүү байр сууриа илэрхийлжээ.

Сүүлийн үед Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонгийн тухай таагүй мэдээллүүд ямар ч шүүлтүүргүйгээр олон нийтийн дунд тарж, нийгэмд ташаа ойлготууд бий болж байгааг тус сургуульд суралцагчдын эцэг эх бид зүгээр хараад сууж чадахгүй нь ээ. Тус сургуулийн үйл ажиллагааны талаар бодит үнэнийг мэдэгдэх нь бид бүхний үүрэг.

Хамгийн гол нь энэ дуулиан шуугианы улмаас тус сургуульд ажиллаж буй гадаад дотоодын багш ажилчдын сэтгэлзүй, ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдах эрсдэл буйг бид илэрхий ажиглаж байна.

Үймээн шуугиан бидэнд огт хэрэггүй. Боловсролын байгууллагыг улс төр, шантаажны сэтгүүлзүй, хол явахгүй хов живээс хол байлгах хэрэгтэй. Үүний улмаас бидний хүүхдийн сургалт, хүмүүжилд доголдол гарах вий гэдэгт ихээхэн санаа зовниж байна.

Сургууль, эцэг эхчүүд хамтдаа 30 жилийн турш хамтран бүтээж, хөгжүүлж, урагшлуулсаар өнөөдрийн энэ өндөр түвшинд хүрсэн энэ амжилтыг нэг өдрийн хэвлэлийн шар мэдээллээр үгүйсгэж гутаан доромжилж байгааг бид хэрхэвч зөвшөөрөхгүй.

Эцэг эхчүүд бид сургалтын үндсэн төлбөрөөс гадна нэмэлт хичээл, өдөр өнжүүлэх бүлгийн зардлыг сайн дурын үндсэн дээр өөрсдөө төлдөг. Бидний төлсөн нэмэлт төлбөрийг ч зориулалтын дагуу зарцуулж байгааг бид өдөр бүр өөрсдөө нүдээрээ хардаг, шалгадаг гүйцэтгэлд нь сэтгэл хангалуун байдаг. Бид өөрсдийн хөрөнгөндөө хяналт тавих хэмжээний хангалттай ухамсар, чадвартай хүмүүс.

Өмнө нь сургуулийн ойр орчимд байрладаг ямар ч стандартад нийцэхгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, тохижилт орчин нөхцөлийн хувьд тааруу, эрсдэл учрахад эргээд хариуцлага хүлээх чадваргүй хувийн өдөр өнжүүлэхэд бид хүүхдээ даатгаж орхидог байлаа. Сургууль энэ эрсдлийг олж тогтоон өдөр өнжүүлэх бүлгийг өөрсдөө санаачилга гарган зохион байгуулж, эцэг эхчүүд бид дэмжин хүлээн зөвшөөрч харилцан бие биендээ ашигтай, тустай үйл ажиллагаа явагдаж буй нь хэнд ч ойлгомжтой.

Сургуулийн зүгээс өдөр өнжүүлэх бүлгийн үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалт удирдлагад оруулж, эцэг эхчүүдийн хамтын хяналт оролцоог хангасан тогтолцоо бүрдүүлсэн нь цаг үеэ олсон, чанартай эрэлт хэрэгцээтэй үйлчилгээ болсоныг хүн бүр батална.

Сургуулийн улсын төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хөндлөнгөөс жил бүр төрийн аудитын шалгалтыг хийдэг гэж ойлгодог. Аудитын дүгнэлтийг ч Ж.Соронзон захирал жил бүрийн эцэг эхчүүдийн хурал дээр нээлттэй мэдээлдэг. Эцэг эхчүүдийн сайн дурын үндсэн дээр сургуулийн дансанд төвлөрүүлж буй бидний мөнгө хэрвээ эрсдэлд орсон түүнийг сургуулийн удирдлага зүй бусаар захиран зарцуулсан гэж үзвэл хохирогч нь төр биш харин эцэг эхчүүд бид хохирогч нь, бид нэхэмжлэгч нь болох учиртай. Иймд хөрөнгийн эзэн эцэг эхчүүд бид хохирлоо гэж хэн нь ч дуугараагүй байхад Ж.Соронзон захирлыг буруутгах эрх зүйн боломжгүй.

Эцэст нь хэлэхэд эцэг эхчүүд бид Ж.Соронзон захирлын өдий хүртэл энэ сургуулийг амжилттай удирдаж ирсэн туршлага, менежмент, сахилга бат, Орос 3-р сургуулийн тогтсон соёл, философийг үнэлж, итгэж хүүхдээ сургаж, сургалтад зарцуулагдах тохирох (3,110,000 төгрөг буюу үзүүлсэн үйлчилгээнээсээ харьцангуй хямд) төлбөрийг төлсөөр ирсэн. Үүсээд байгаа нөхцөл байдлаас үл шалтгаалан эцэг эхчүүд бид Ж.Соронзон захирлын манлайлал энэ сургуульд оршин байгаа тохиолдолд үргэлжлүүлэн дэмжсээр байх болно.

Монголчууд бид тамын тогооны үлгэрээр хийж бүтээж харуулж байгаа нэгнээ харлуулахын оронд харин боловсролын салбарт Ж.Соронзон багш шиг чадварлаг менежерүүд олон олноороо төрөн гарч, Төрийн өмчийн ерөнхий боловсролын бусад сургуулиуд ч Орос 3-р сургуулиас жишиг авч хөгжиж, Монголын үрс бүгдээрээ бидний хүүхдийн адил нийтээрээ чанартай боловсрол олж авах нь энэ үйл явдлаас олж авсан сургамж болох бизээ.

Орос 3-р сургуулийн анхны төгсөгчдийн нэг УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Болор өөрийн байр сууриа ингэж илэрхийлжээ.

Сургуулийн маань 30 жилийн ой болох гэж байгаа мөн маргаашнаас танхимын сургалт эхлэх гэж байгаатай холбоотой сүүлийн үед зарим нэг сэтгэл зовоосон, худал, манай сургуулийн олон жилийн амжилт, түүхийг үгүйсгэсэн мэдээллүүдтэй холбоотой өөрийн бодлыг хуваалцья. 1992 оны 8-р сарын сүүлээр Зөвлөлтийн 3-р сургуульд сурч байсан бид сургууль дээрээ бүртгүүлэх гээд ирэхэд, бидний хувийн хэргийг зааланд ширээн дээр бүгдийг тараагаад хаясан байдалтай, бид яах учраа мэдэхгүй байж билээ. Бусад зөвлөлтийн сургуулиуд бүгд л ижил нөхцөл байдалтай байсан байх. Энэ үед Ж.Соронзон захирал тухайн үеийн бүх Зөвлөлтийн сургуулиудад сурч байсан Монгол хүүхдүүдийг орос 3-р сургууль дээр цуглуулж Монгол-Оросын хамтарсан сургууль байгуулагдаж байсан түүхтэй.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд сургууль маань Монгол улсын хамгийн эрэлттэй топ сургуулиудын нэг болж, төгсөгчид нь бүх салбарт манлайлал үзүүлж байна. Зөвхөн миний удирдаж байсан хоёр яаманд гэхэд л, нийт ажиллагсад дунд Орос 3 төгсөгчдийн эзлэх хувь бусад сургуулиудаас хэд дахин их байсан. Өнөөдөр улс төр бизнесийн салбарт манай сургуулийн төгсөгчид бүх шатанд амжилттай ажиллаж, эх орныхоо хөгжил цэцэглэлд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Нэг жишээ хэлэхэд 2016 онд АНУ-д айлчилж байхдаа, тэнд олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол залуустай уулзалт хийхэд, талаас илүү нь манай сургуулийн төгсөгчид байсан гэдгийг дурсахад таатай байна. Сургууль маань олон улсын болон улсын чанартай олимпиад, спорт болон урлагийн тэмцээнүүдэд байнга амжилттай оролцдог нь тус сургуулийн чанар чансааг бэлхнээ харуулж байгаа билээ.

Сургуулийн энэ их баялаг түүх, амжилт нь Ж.Соронзон захирал болон тус сургуулийн үе үеийн багш нар, сурагчид болон эцэг эхчүүдийн нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм шүү. Элдэв хов жив, өс хонзонгийн сэдэлтэй хэвлэл мэдээллээр харлуулж байхаар, шалгуулдаг газраар нь шалгуулахад сургуулийн зүгээс татгалзах зүйл байхгүй боловуу гэж бодож байна. Ер нь сургууль маань жил болгон л, янз бүрийн, тэр дундаа санхүүгийн шалгалтаар орж байдаг.

Сургуулийн түүхт ойн жилдээ, төрөлх сургууль маань улам их амжилттай байж, сурагчид нь сурлагын өндөр амжилт гаргахын ерөөлийг дэвшүүлж, сургуулийнхаа үе үеийн сурагчид, багш нар, эцэг эхчүүд болон Орос 3-тай холбоотой бүх хүмүүст 30 жилийн ойн мэндийг хүргэж эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

1996 оны төгсөгч “Master Card International” компанийн  Монгол дахь төлөөлөгч З.Хайдар дараах сэтгэгдлийг хуваалцжээ.

Орос 3-р сургууль, сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой янз бүрийн мэдээлэл сошиал сувгуудаар яваад байгаа нь тус сургуулийн 1996 оны төгсөгч, төгсөгчдийн холбооны гишүүн, хоёр хүүхдээ тэнд сургаж буй эцэг хүний хувьд сүүлийн 30 жил хийсэн ажиглалтаа хуваалцахаар шийдлээ. Энэхүү ажиглалт цэвэр миний хувийн, янз бүрийн хов жив үүнд хамааралгүй.

92 оноос өмнө Орос 3-р сургууль нь ЗХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх тусгай дунд сургууль байгаад 90-д оны эхэн үеэр хойд хөршийн мэргэжилтнүүд олноороо нутаг буцсаны, УБ хотод болон орон нутагт байсан олон орос сургууль татан буугдсаны үр дүнд тэнд суралцаж байсан хүүхдүүд 14-р сургууль болон Орос 3 руу (ихэнхи) шилжиж ирсэн. Тэр үед Соронзон багш сургуулийн захирлаар томилогдож ажиллаж эхэлсэн. 92-98 онууд ч задгай он жилүүд, маш олон зүйлс замбараагүй байсныг Соронзон багш болон багш нарын бүрэлдэхүүн аажмаар гартаа оруулж цэгцэлсэн.

Сургуулийн жинхэнэ мандалт нь 2000 оны эхэн үеэс эхэлсэн гэж би хувьдаа дүгнэдэг. Сургуулийн үйл ажиллагаа жигдэрч, олон талт харилцаа сайжирч, сургуулийн сургалтын бааз өргөжиж, багш нарын бүрэлдэхүүн чанаржиж гм. Энэ бүхнийг зохицуулах тун амаргүй гэдгийг олон хүнтэй хамт олон удирдаж үзсэн туршлагатай хүмүүс дуу нэгтэйгээр надтай санал нэгдэх болов уу. Тэр тусмаа олон арван гадаад мэргэжилтнүүдийг урт удаан хугацааны турш Монголд авчирч, тэдний амь нас, эрүүл мэнд, амьдрах болон ажиллах орчин, гадаадын боловсон хүчин ажиллуулахтай холбоотой хууль эрх зүйн орчин, за тэгээд хувь хүмүүсийн зан араншин гээд тоймгүй олон саад бэрхшээл, зовлон, асуудлыг шийдэж, зохицуулж ирнэ гэдэг бол сургуулийн захирлаас маш их тэвчээр, сэтгэлийн тэнхээ, хүч шаардсан ажил (за тэгээд олон мянган сурагч, тэдгээрийн эцэг эхчүүдийг нэмж тооцвол ч …). Хажуугаар нь 92 оноос эхлэн дуусдаггүй хэл ам, хов жив, янз бүрийн дайралтыг даван туулах хэрэгтэй байсныг сануулъя.

Хүний хөдөлмөрийн үр дүнг хүний дүр төрх, зан араншинтай холбохгүйгээр бодитоор үнэлэх ур чадвар, авъяас Монголчууд бидэнд цэвэр агаар мэт дутагддаг (сүүлийн 22 жил бизнесийн салбарт ажиллаж буй миний дүгнэлт). Хүнийг ажил хэрэгчээр шүүмжлэх, алдаа дутагдлыг засах шийдэл санал болгохын оронд шууд хов жив ашиглан дарамталж дайрдаг нь хэвийн үзэгдэл болсон нь туйлын харамсалтай. Хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд холбогдох хуулийн байгууллагууд руу хандаж, шаардлагатай бол шүүхээр эцсийн зөв бурууг тогтоолгох дэлхийн нийтийн жишиг, соёл Монголчууд бидэнд ямар их үгүйлэгдэж байна вэ? Зөвхөн шүүх нь эцсийн буруу, зөвийг тогтоодог гэдгийг үргэлж санаж соёлтой иргэний нийгмийг бий болгохыг зөвхөн төр засгаас бид шаардах биш, иргэд өөрсдөө хичээж бий болгох ёстойг нэг сануулъя. Үйлдэл болгон хариутай байдгийг олон хүн санах явах тусам үйлдэл болгондоо илүү хариуцлагатай хандах байх.

Миний бодлоор тус сургуульд засаж, сайжруулах зүйлс байгааг би хүүхдүүдийнхээ анги удирдсан багш нарт байнга, хааяа нэг Соронзон захиралтай уулзахаараа уламжилж ирсэн. Би зөвхөн шаардах биш, бас чадах хэмжээгээрээ тусалж байж хүүхдүүдийнхээ боловсролын үр дүнг сайжруулна гэж итгэдэгтэй холбоотой. Аливаа амжилт хамт олны бүтээл зүтгэл гэхээс хэн нэгний өмч биш (гагцхүү хамт олныг зохицуулж удирдаж ирсэн этгээд нь бусдаас илүү их анхааралд өртдөгийг тэмдэглэе). Сүүлийн 30 жилийн хугацаанд тус сургуульд чин сэтгэлээсээ ажилласан бүх хүмүст үе үеийн төгсөгчид, тэдгээрийн эцэг эхчүүд бүгдээрээ талархах хэрэгтэй. Мөн Монголчууд бид эвтэй, найртай байхдаа хүчтэй байдаг билээ.

2006 оны төгсөгч Г.Хонгорзул өөрийн цахим хуудсаар дамжуулан сэтгэгдлээ хуваалцжээ.

Орос 3-ын хаалгаар орж ч үзээгүй хүмүүс зүгээр дуугай байж, дутсан нь дээр шүү.

Түрээсийн төлбөрийг 1-р ангийн хүүхдүүдийн хичээлийн байранд л төлж байгаа, үсрээд л. Угаасаа байшиндаа багтахгүй их сурагчтай, хамгийн өндөр өрсөлдөөнтэй эрэлттэй сургууль. Монголд аль ч сургуульд боловсролын чанар ийм өндөр түвшинд байдаггүй, би харьцуулж өчнөөн судалсан. Хэдэн жилийн өмнө судалгаа хийж байхдаа Яамны сайт дээр шилэн дансаа хөтөлж буй дунд сургуулиудын санхүүг үзэхэд шилэн дансаа ягштал хөтөлдөг сургууль нь орос 3 байсан шүү, харин ч нэг. 

Багш нарын цалин сайн, угаасаа өндөр байгаа тулдаа оросын шилдэг зэрэглэлтэй жинхэнэ мэргэжлийн багш нарыг авчирч чаддаг. Тэр хэрээр багш нараа нам чангалж, хүүхдүүдийн дүнг үнэнээр нь тавьж, ганцыг нь үлдээлгүй жигд мэдлэг олгодог ганц арга барилыг хэрэгжүүлэгч сургууль. 

Бүх явцын шалгалтуудыг хөндлөнгөөс авдаг, бүх улсын шалгалтуудыг ОХУ-аас ирж өндөр зохион байгуулалттайгаар авдаг, төгсөхөд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг аттестаттай, TOEFL оноотойгоо, тэтгэлэгтэйгээ төгсдөг. Маний үед ч тийм байсан, одоо бол бүүр тасарчихсан програмтай, гүйцэтгэлтэй, юм сурсан шиг сурдаг орчин. 2006 онд намайг Улаан-Үүд хотод болсон Бүх Оросын Орос хэлний олимпиадруу явуулахад орос унаган хэлтэй хүүхдүүдтэй өрсөлдөөд 2-р байранд орж байсан гэрчилгээ надад одоо ч байна. Боддоо, энгийн биш тусгай хөтөлбөр учраас л тийм чанар олгогддог. Миний мундагт биш. 

Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд чанартай боловсрол олгох эрхийг нь хангаж байгаагаараа энэ сургуулийг Монголд гүйцэх өөр ганц ч боловсролын байгууллага байхгүй. Орос 3-с сурсан мэдлэг боловсролоороо л та нарт өдий чинээ үнэлэгдэж, магтуулж явдаг гэж би өөрийгөө боддог, их сургууль ч цаашаа шүү. Орос 3-т сурсан англи хэлээрээ л дэлхийн компани, байгууллагуудад ажиллаж, илтгэлээр азийн залуусын шилдэгүүдийн дунд орж чадсан, орос 3-ын хүмүүжлээр л биеэ авч явж ирсэн хүн нь байна. Манай ангийнхан хоорондоо “Хүүхдээ орос 3-т л өгнө. Соронзон багш тэтгэвэртээ гарчихвал яах вэ? Хаана очно тэнд нь хүүхдээ аваачиж өгнө, гэртээ байвал гэрт нь” ч гэж ярьдаг. Маш өндөр төсөв бүрдүүлж чаддаг сургууль, гэхдээ тэрийгээ хэд нугалаад сурагчиддаа, багш нартаа биенд нь “нааж”, жинхэнэ чанартай иргэдийг бүтээж өгч чадаж байгаа сургууль. Миний мэдэхийн л байнга шалгуулж, хардуулсаар ирсэн, зөрчил илэрдэггүй, бүх зардал нь ил. Гэхдээ чанартай боловсролын зардал монголд ийм л байна. Улс нь чаддаггүй ажлыг хийдэг газар шүү. Боловсролд угаасаа хамгийн их ач холбогдол өгч, хамгийн их төсвийг баталж өгч байх ёстой. Гэтэл бид аймаг сумдуудын сургуулиудыг жорлонтой болгоход л наад зах нь 100 тэрбум хэрэгтэй гээд цөхрөөд сууцгааж байгаа, Хөгжлийн банкаа “угжаад” л. 

Би дандаа хэлдэг. Соронзон захирал шиг хүн улсын боловсролын чанарыг хариуцдаг байсан бол, МУ-ын Ерөнхийлөгч болсон бол бид хөгжиж чадна аа гэж. 

Мэдэхгүй, мэдрээгүй зүйлээ хийрхэж байгаа сэтгүүлчдийн зорилго нь угаасаа мэддэггүй, мэдрээгүйнүүдийнх нь сэтгэл санаанд нөлөөлөх юм ш дээ. Мэддэг, мэдэрснүүдээс нь хэн ч ирж асуухгүй байна, учир нь сургуулиа өмөөрч, жинхэнэ үнэн нь ЧАНАР гэдгийг л ярих учраас биднээс бол асуухгүй байна.

Гэх мэтчилэн тус сургуультай ажил, амьдрал, хувь заяагаараа холбогдсон эрхмүүд үзэл бодлоо нээлттэй илэрхийлсээр байна...



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.44
    18 цагийн өмнө

    Zagdkhorol Erdenekhuud anhaaruulj helehed tand Soronzon geh ene hun tand yamar muu zuil hiisen bolood ingetlee uzen yadaj baina ve?Chamaig bodvol ene hun hiisen buteesen ih heleh ugtei hun um. Aan bas tanii ene fb hayag unen huuranch esehiig tsagdaad ogch shalguulmaar um

    Хариулах
  • 66.181.187.44
    18 цагийн өмнө

    Тийм шүү бид хийж бүтээсэн нийгэмд тодорхой байр суурь,үзүүлэх харуулах зүйлтэй эдгээр хүмүүсээ дэндүү ихээр харлуулах юм.Үнхээр танд идсэн уусан гэх баримт сэлт байгаа бол зохих газар нь өгч шалгуулах хэрэгтэй.Танд эрх нь нээлттэй түүнээс биш бид бусдын зөв бурууг шүүх эрхгүй үүнийг ганцхан шүүх л шүүнэ..

    Хариулах
  • 66.181.187.44
    18 цагийн өмнө

    Ene met busdiig ilted harluulah gej gutaan doromjilj baigaa sait peijuudiig manai huuli hyanaltiin baiguullaga anhaaraldaa avch yamar neg arga hemjee avah in zuitei.

    Хариулах
  • 66.181.187.44
    19 цагийн өмнө

    Зөв бурууг бид шүүх эрхгүй шалгаж шийддэг газар нь шалгаад тогтоох биз. Ёр нь бусдыгаа ялих шалихгүй зүйлээр цахим орчинд харлуулаж,нэр төрд нь халдаж гутаах явдал газар авч хэрээс хэтэрч байгаад таш ихээр харамсаж байна.

    Хариулах