Үнэнд гүйцэгдсэн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар Хөгжлийн банкнаас авсан зээлдээ хариуцлага хүлээх үү

info@yellow.mn
2022/02/18

Хөгжлийн банкны их наядаар хэмжигдэх зээлийн асуудлаар чанаргүй зээлдэгч нарыг зарлаад сар орчмын хугацаа өнгөрч байна. Эл зээлийн асуудал 2020 оны УИХ-ын сонгуульд гишүүнээр сонгодсон Х.Ганхуяг, Г.Амартүвшин болон Г.Дамдинням нарын 33 тэрбумаас үүдэн яригдсан ч гишүүд өөрсдийгөө хайцаалсаар байсан билээ. Өнөөдрийн тухайд эдгээр гурван гишүүдээс гадна улс төрийн нөлөө бүхий эрхмүүд, томоохон компаниуд ч зээлээ эргэн төлөөгүйн дээр олон жилийн турш нэг ч хүү төлөлгүй явж ирсэн ноцтой баримтууд дэлгэгдсэн юм.

Харин Хөгжлийн банкны захирлаар зургаан сар орчим ажиллаад УИХ-д нэр дэвших гэж ажлаа хүлээлгэн өгсөн Г.Амартүвшин гишүүн ажилласан 2019.05-2019.12 сар хүртэлх хугацаанд гурван компанид 66 тэрбум орчим төгрөгийн зээл олгожээ.

Тодруулбал, Хөгжлийн банкны захирлаар ердөө хагас жилийн хугацаанд ажиллаад гарсан Г.Амартүвшин УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбумын зээл олгох шийдвэрийг Гүйцэтгэх захирал байх хугацаандаа гаргасан ч зээлийн гүйлгээг ажлаа өгснийхөө дараа буюу 2020 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр хийлгэжээ. Эндээс харахад ажлаа хүлээлгэж өгсний дараа гүйлгээ хийгдсэн нь өөрийгөө уснаас хуурай авч гарах аргаа эртнээс бэлдсэн мэт.  

Тухайн үед Дархан-Уул аймгийн иргэд, залуус нэгдэж Г.Дамдиннямыг эгүүлэн татуулахаар гарын үсэг цуглуулсан ч асуудал тэгсгээд намжсан.

Хэрвээ УИХ-ын гишүүн байгаад илт хууль зөрчиж, их хэмжээний зээл авсан баримт нь нотлогдсон бол тэднийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах эрхзүйн үндэслэл болох байж. Гэтэл гишүүд болоогүй байхдаа авсан бизнесийн зээл хэмээн, нам нь ч өмөөрөөд өнгөрсөн.

Зээл олгосон асуудлаар Г.Амартүвшин гишүүн өнөөдрийг хүртэл ямар нэгэн тайлбар хийгээгүй бол Х.Ганхуяг "Улсын их хурлын гишүүн болсноос хойш ямар ч зээл аваагүй" гэсэн тайлбарыг хийсэн. Харин Г.Дамдинням гишүүн УИХ-ын чуулган дээр "Намайг шударга дуугараарай гэж сонгосон. Тийм учраас би зоригтой дуугарч байна. Та нар шиг хулгай хийж бизнес хийгээгүй. Хүн шиг зүтгэж амьдрахын төлөө зүтгэж ажиллаж ирсэн аавын хүү. Үүнийхээ төлөө хэнээс ч ичиж айхгүй, шударга ёсны төлөө тэмцэнэ" гэж хэлсэн ч өнөөдөр ийн бүдэрлээ.

Хамгийн хачирхалтай нь дээрх УИХ-ын гишүүд 2021 онд Зээлийн хүүг 50 хувиар бууруулах тогтоолын төсөл УИХ-ын даргад өргөн барьсан нь олон нийтийн хардлагыг улам төрүүлж, хардахад хүргэсэн юм. Өнөөдөр МАН-ын Ерөнхий хороо хуралдаж Хөгжлийн банкны зээлтэй холбоотой зургаан гишүүний асуудлыг хэлцэн, хуралдахаар болсон. Хоёр жилийн өмнө цээжээрээ хамгаалж үлдсэн ашиг сонирхлын гишүүддээ зохих журмынх нь дагуу хариуцлага хүлээлгэж чадах эсэхийг чих тавин хүлээх л үлдлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.143.149
    4 цагийн өмнө

    Энэ 3 ыг яаралтай барьж хориочээ. Хулгайч луйварчид

    Хариулах
  • 150.129.143.149
    4 цагийн өмнө

    Бүлэглэн үйлдсэн хэрэг ял нь хүнд байдаг билүү. Энэ хүмүүс бүлэг хэрэг учир хөрөнгөө хураалгаад насаараа хоригдох ял авна биздээ.

    Хариулах