Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн шинэ барилгыг нээлээ

info@yellow.mn
2022/01/12

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Бяцхан тэмүүлэл" төвийн шинэ барилга Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд ашиглалтад орж, үйл ажиллагааны нээлт өнөөдөр боллоо.

Энэ төв нь 0-3 насны суурь өвчтэй, дархлаа сул, хөдөлгөөний хоцрогдолтой, хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрүүлжүүлэх, сувилах, сэргээн засах, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх үүрэг бүхий НЭМГ-ын харъяа эрүүл мэндийн үйлчилгээний байгууллага юм.

Нээлтийн арга хэмжээний үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж "Зам болон эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа тууз хайчилсан мөчөөс шууд иргэдэд хүрч эхэлдэг. Энэ мөчөөс эхлээд "Бяцхан тэмүүлэл" сэргээн засах төв маань Улаанбаатар хотын хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааа эхлүүлж байгааг дуулгахад таатай байна" гэв.

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төв нь 1962 онд 0-3 насны хүүхдийг хүлээн авч хүмүүжүүлэх, саатуулах газар /Ясли/ зориулалттай байгуулагдсан бөгөөд 1990 оноос “40 дүгээр сувилал” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2013 онд барилгыг акталж 2019 онд шинэ барилгын ажлыг эхлүүлжээ. Улмаар 2021 оны арванхоёрдугаар сарын 23-нд барилгаа хүлээн авчээ.

Өмнөх байранд 120 хүүхэд хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай байсан бол шинэ барилга 250 ортой болж өргөжжээ. Хэвтэн эмчлүүлэхээс бусад амбулаторийн үзлэг, оношилгоо маргаашаас эхлэх аж. Үүнд:

  • Сэргээн засал
  • Хөдөлгөөн засал
  • Хөдөлмөр засал
  • Усан эмчилгээ
  • Физик эмчилгээ
  • Зүү, бариа эмчилгээ
  • Утлага, шарлага эмчилгээ
  • Хоол эмчилгээ
  • Хүчилтөрөгч эмчилгээ
  • Эмийн болон хэвтүүлэн эмчлэх зэрэг нөхөн сэргээх, сувилах, сэргээн засах тусламж үйлчилгээ явуулах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна