Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэд холбогдох Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болжээ

info@yellow.mn
2022/02/08

Хөгжлийн банкны үйл ажиллагаа хүндэрч, найдваргүй зээлүүдийг Засгийн газарт шилжүүлж болзошгүй нөхцөл үүсээд байна. Энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Хэрвээ зээл авсан хүмүүс мөнгөө төлөхгүй бол энэ өр нь улсад шилжинэ. Засгийн газар эдгээр зээлдэгчдийн өмнөөс гадаад өр төлбөрийг барагдуулна” гэсэн мэдэгдэл хийгээд байгаа юм.

Тэгвэл энэхүү найдваргүй зээл бий болох үндэс суурийг тавьсан Хөгжлийн банкны үе үеийн гүйцэтгэх удирдлага, дэд захирлуудыг АТГ-аас шалгаж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар АТГ-аас Хөгжлийн банкны  гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр, Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирал Я.Сод-Эрдэнэ, Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд, Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Чойжилжалбуу тэргүүтэй долоон албан тушаалтныг яллагдагчаар татан шалгаж байгаа аж.

Дээрх нэр бүхий албан тушаалтнуудад хуулийн байгууллага Хөгжлийн банкны зээл олголт, зарцуулалттай холбоотой асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэжээ. 

Эдгээрийн дотроос Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг "Газ импорт" ХХК-д 4,8 тэрбум төгрөгийн зээл, "Монгол микрон кашмер" ХХК-д хоёр удаагийн үйлдлээр 5,4 тэрбум төгрөгийн зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг асуудлаар буруутган шалгажээ.

Харин Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд, Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Чойжилжалбууг "Хатан интернэшнл" ХХК, "Болор шүр" ХХК зэрэг ойрын хүмүүсийнхээ хамаарал бүхий аж ахуй нэгжүүдэд их хэмжээний зээл гаргаж өгөхөд нөлөөлсөн гэдэг үндэслэлээр шалгаж байгаа гэнэ.

Тэгвэл дээрх хоёр хүнд холбогдох хэрэг өнөө маргаашгүй шүүхэд шилжихэд бэлэн болсон гэдгийг эх сурвалж хэллээ.

Мөн  Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаярт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа өдгөө ид үргэлжилж байгаа юм байна. Б.Батбаярыг Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байхдаа буюу 2017 онд онд 487 тэрбум төгрөгийн чанаргүй зээл олгосон гэдэг асуудалд буруутгасан байна.

Товчхондоо бол эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж улсыг их хэмжээний хохиролд оруулсан Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагууд гэм буруутай нь тогтоогдож энэ мэтээр эхнээсээ ял сонсох нь тодорхой болчихлоо.

Гэтэл чоно борооноор гэдгийн үлгэрээр Б.Батбаярын үед Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд хяналт шалгалт тамгын газрын даргаар  ажиллаж байсан Я.Сод-Эрдэнэд /тэрээр одоо тус банкинд Захиргаа, удирдлага хариуцсан дэд захиралын албан тушаал хашиж буй/ холбогдох Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон сурагтай.

Я.Сод-Эрдэнийг Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Б.Чойжилжалбуу нарын нэгэн адил албан тушаалаа ашиглаж чанаргүй зээл олгосон асуудалд буруутган шалгаж байсан боловч тэрээр энэ удаад цор ганцаараа уснаас хуурай гарсан нь анхаарал татаж байгаа юм. 

Эхнэрийнхээ компаниар дамжуулж “Эрдэнэт үйлдвэр”-т “шахаа” хийдгээрээ алдартай Я.Сод-Эрдэнэ нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын төрсөн ах юм. Энэ утгаараа төрд нөлөө бүхий алба хашиж буй төрсөн дүүгийнхээ ар өврийн хаалгаар Я.Сод-Эрдэнэ Хөгжлийн банкны чанаргүй зээл олголттой холбоотой Эрүүгийн хэргээс сугарч үлдсэн байж болзошгүй гэдэг хардлага байгааг нуугаад яахав.

Үргэлжлэл бий..

Х.Онон



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.76.221
    2022/02/08

    Дандаа 10,20% авсан захирал,дарга нар шүү.битгий мэдэхгүй царайлцгаа !!!!

    Хариулах
  • 103.212.117.47
    2022/02/08

    2024 оны сонгуулиар МАН-ыг унагасан шиг унагаж байж энэ олон хулшайч хуулийн дагуу шалгагдах байх.Түүнээс нааш ингээд л хуулийн байгууллагуудад нөлөөлөөд тоглоод байх бизээ.

    Хариулах
  • 202.21.107.116
    2022/02/08

    Ямар муухай шунал вэ би үхэрээр чи үх гэдэг шиг мөнгөөр тоглож ханахгүй бузрууп юмаа яаж бүтэн нойртой хонож байнаа

    Хариулах
  • 66.181.161.67
    2022/02/08

    Ингээд л байгаам даа

    Хариулах