Р.Эмүжин: Улс бол алт биш, урвалт бол амлалт биш Л.Оюун-Эрдэнэ ээ

info@yellow.mn
2022/02/07

Энэ нэг хүүхэд бүх юмыг алт мөнгөтэй зүйрлэж, жишиж, үнэлж бодоод явдаг юм уу, хаашаа юм. Дахиад өөр улс оронд очихоороо "Орос бол Асгатын мөнгөнөөс ч үнэтэй, Франц бол Мардайн уранаас ч үнэтэй гэж хэлэх үү? Дипломат харилцаанд хэрэглэж болох, болохгүй үг гэж байдаг шүү. Хүн долоомоор санагдахаараа юу ч хэлж болдог гэж боддог хэрэг үү? Ер нь Хөгжлийн банкны дуулианаар халхалж байгаад манай мөнгөнд дуртай МАН-ын балчирууд юу л хийх гээд байна даа. Нүд чихээ сайн сортойлгож байхгүй бол улсаа зараад, ууж идээд, урваж шарваад явчих энүүхэнд болчихоод байгаа шүү дээ. Нөгөө Гадаадын хөрөнгө оруулалтын тухай захиалгын хуулиа Булгантуяа, Ганхуяг хоёр буцааж татаагүй өнөө хүрч байгааг санахад илүүдэхгүй. Ардаа том хамгаалалттай, урдаа том чирэгчтэй улс шиг харин ч сайн өөрсдийгөө өмөөрч өрвөлзсөнийг нь бодоорой. 

Энэ хүний хайртай ах нь бүдүүн нарийн цариг ярьж арваад жил улсын хөгжил гацаасан. Одоо нөгөө үлгэр нь Хятадын "Нэг бүс нэг зам" бодлогыг дэмжин нэг галт тэргэнд суугаад нарийн царигаар намиртал хурдалдаг сериалаар үргэлжилж байна. Ши Жин Пин манай тусгаар тогтнол хил хязгаарыг манана гээд хэлчихсэн гэв үү? Уйгар, төвд, өвөрмонголчуудад бас л тэгж амлаж байсан түүх саяхных даа. Зөөлөн хүчний бодлого гэдэг чинь зэвүүн янаг шүү дээ. МАН-ыг Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ, Булгантуяа нартай нь атгачихсан байхад угаасаа манай хил хязгаарыг гэтлэх, тусгаар тогтнолыг дэнжигнүүлэх ямар шаардлага байгаа юм? Төр барьсан намын даргаар нь долоолгож, төр эрхшээж байгаа нь хангалттай юм биш үү? 

Урд хөршөөс зээл аваад, своп хэлцэл энэ тэр гээд өгөөш үмхээд, дэгээнд орооцолдоод гүйгээд л бай, хорин жилийн дараа хохирол, хожлоо эргэж харах ч боломжгүй эргүүтсэн явах байх шүү. Гуравхан тамирчнаа дагаж тавиулаа гүйж оччихоод, дэлгүүрт дараалал дайрч овоордог улс шиг улайхаа мэдэхгүй улсын нэрээр ууж идэж яваа хүмүүс чухам ичсэндээ долоов уу, ирэх сонгуулийн мөнгөө хайж явна уу? Хөгжлийн банкны шуугианыг сайндаа гаргаж тавьж байна гэж бодож байна уу, үгүй. Тэр зээлдэгчдийн жагсаалт, энэ банк хаачих ч үгүй. Хаашаа ч зайлж одохгүй, бүгд авсан, өгсөнтэйгээ жагсаалттай байгаа. Болохгүй бол барьж хорьж байгаад барж таарна. Харин үүний цаана түүнээс ч том луйвар амжуулах гээд л амдаж тоглоод байгаа нь энэ шүү дээ. Тусгаар бодлогоор минь л энэ мэтээр туг тахичих вий дээ, түмний нүд, чих түүнээс цаадхыг харж сонсдогсон доо, уг нь! Ямартай ч хятадуудтай нэг галт тэрэгт чихэлдэж яваагаа улсынхаа тэргүүний хүний нутагт хэлсэн үгнээс нь мэдэж авлаа.

Р.ЭМҮЖИН



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна