Г.Дөлгөөний шийдвэрээр Хөгжлийн банк "олигархи" Х.Бат-Эрдэнийн компанид ₮42,6 тэрбумыг “май” гээд зүгээр өгчихжээ!

info@yellow.mn
2022/02/07

Төрийн мөнгийг үрэн таран хийхэд нөлөөлсөн албан тушаалтан ял шийтгэл хүлээх нь бүү хэл эсрэгээрээ төрийн өндөр дээд албан тушаал хашиж явна гэвэл итгэх үү? Тэгвэл тийм зүйл бодитоор болсон байна. Тэр хүн бол Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч хэмээх албыг хашиж яваа Ганбямбын Дөлгөөн юм. 

Г.Дөлгөөн нь дарга нарын хүүхдүүдийн нэгэн адил дээд сургууль төгсөнгүүтээ Монголбанкинд нягтлангийн албан тушаалд томилогдож байжээ. Улмаар 2016 онд МАН УИХ-ын сонгуульд ялалт байгуулж байсан тэр цаг үед тэрээр Хөгжлийн банкны Эрсдэл хариуцсан дэд захирал гэх албанд тушаалд олны ярилцдагаар “лифт”-энд суугаад дэвшиж байсан намтартай нэгэн аж. Ингэж Хөгжлийн банкны дэд захирлын албан тушаалд очихдоо өнөөдрийн дуулианы гол бай болсон зээлийн нэгийг олгоход голлох үүрэг гүйцэтгэжээ. Энэ талаар товч өгүүлье.

Г.Дөлгөөний шийдвэрээр Хөгжлийн банк Х.Бат-Эрдэнийн "Монгол драй милк" ХХК-д 42 тэрбум төгрөгийг “май” гээд зүгээр өгчихжээ 

“Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын манлай уяач Х.Бат-Эрдэнэ өөрийн төрсөн ах Х.Батбаасангийн хамтаар 2016 оны 08-р сарын 12-ний өдөр “Монгол драй милк” компанийг үүсгэн байгуулж байжээ. Улмаар Х.Бат-Эрдэнэ, Х.Баатбаасан нар жил гарангийн дараа буюу 2017 оны 03-р сарын 21-ний өдөр “Монгол драй милк” ХХК-ийн өөрсдийн мэдлийн 100 хувийн хувьцаагаа  Энхболдын Эрдэнэбилэг гэх залууд шилжүүлжээ. Энэ үедээ “Монгол драй милк” ХХК-ийн зүгээс хөдөөгийн 60 суманд хуурай аргаар хатаасан сүү боловсруулах цех барих төслийг Монгол Улсын Хөгжлийн банкинд хүргүүлж, уг төсөлдөө дэмжлэг аван зээл гаргуулан авчээ.

Хамгийн ноцтой нь тус компани Хөгжлийн банкнаас “барьцаагүйгээр” 42.6 тэрбум төгрөгийн зээлийг 2017 оны тавдугаар сарын 16-ны өдөр гаргуулан авсан байдаг аж. Тодруулбал, Хөгжлийн банк нь “Монгол драй милк”-д зээл олгохдоо Хан-Уул дүүрэгт байрлах жижиг хэмжээний үйлдвэрийн байр, Чингэлтэй дүүрэгт байрлах зургаан давхар объект барьцаалсан байна.

Үүн дээр нэмэгдээд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаалсан гэх тайлбарыг өгдөг байна. Хачирхалтай нь ихэнх банкууд эрсдэл өндөртэй гэж үздэг учраас ашигт малтмалын лицензийг барьцаа хөрөнгө болгон авдаггүй. Харин Эрсдэл хариуцсан  дэд захирал Г.Дөлгөөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаалан зээл олгожээ. Ингэхдээ мөн л хамгийн өндрөөр буюу Дорнод Баянтүмэн сум хашаатын сав нэртэй газар 3900 га талбайг 30 тэрбумаар үнэлж зээл олгожээ. 

Товчхондоо бол 42 тэрбум төгрөгийн зээлийг хоёр жижиг хэмжээний объект барьцаалаад олгочихсон болох нь эндээс ойлгогдож байна.

Уг нь 40 тэрбумын зээл олгохын тулд багадаа  80 тэрбумын барьцаа хөрөнгийн үнэлгээтэй барьцаа хөрөнгө тавих ёстой. Гэтэл өнөөдрийн Монголбанкны дэд Ерөнхийлөгч, тухайн үеийн  Хөгжлийн банкны Эрсдэл хариуцсан дэд захирал Г.Дөлгөөн болон Хөгжлийн банкны Санхүүжилт хөрөнгө оруулалтын эрсдлийн хэлтсийн захирал Д.Ринчиндорж нар гар нийлэн дээрх зээлийг олгохдоо үйлдвэрийн газар, үйлчилгээний барилга, ирээдүйд бий болох хөрөнгийг үнэлээд хууль зөрчөөд зээл олгочихсон байна.

Ер нь зүгээр “май” гээд 40 тэрбум төгрөг  зүгээр өгчихсөн гэсэн үг. Г.Дөлгөөн болон Д.Ринчиндорж нарын энэ мэт балагтай шийдвэрийн үр дүнд өнөөдөр Монголын төр 62.4 тэрбум төгрөгөөр хохироход хүрээд байна.

Өөр нэг ноцтой зүйл байдаг нь “Монгол драй милк” ХХК-д хөрөнгийн үнэлгээ хийн дүгнэлт гаргаж зээл олгоход голлох үүрэг гүйцэтгэсэн Д.Ринчиндорж гэгч уг үйл явдлаас хойш “Алтай констракшн” ХХК-ны санхүү хариуцсан даргаар томилогдон очжээ. Нэг үгээр Д.Ринчиндорж Хөгжлийн банкинд байхдаа “Монгол драй милк”-д зээл гаргаж өгснийхөө шагналыг хүртсэн гэдэг логик эндээс харагдаж байна.

Үргэлжлэл бий...

ЭХ СУРВАЛЖ: YELLOW.MN



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна