Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байсан 188 мянган төгрөгийг Ковидын хуулиар 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 2020 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн 288 мянган төгрөгийн тэтгэмж олгож ирсэн.
Гэвч өнгөрсөн онд батлагдсан 2022 оны төсвийн тухай хуулиар 100 мянган төгрөгийг танаж, эргээд 188 мянган төгрөг болгон бууруулсантай холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэд өнөөдөр Төрийн ордны гадна хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийхдээ УИХ, Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж байгаагаа хэллээ.
Шаардлагадаа: Нийгмийн халамжийн тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод түвшинд хүргэх, цаашлаад хүүхдийн хэрэгцээнд уялдуулан нэмэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эх, асран хамгаалагчийг хүнд хэлбэрийн хөдөлмөр эрхэлж байна гэж үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгийн цалин хөлс олгохыг шаардаж байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн төлөөлөл:
"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бол нийгмийн нэг хэсэг байсаар ч ирсэн. Байх ч болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах НҮБ-ын хүүхдийн конвенцод Монгол Улс нэгдэн орсон. Бид хүнд хэлбэрийн бэрхшээлтэй, тархины саа, саажилттай хүүхдүүдийн эцэг эхчүүд байна. Өнөөдөр манай хүүхдүүдийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл, амьд явах, аюулгүй орчноор хангагдах эрхүүд хязгаарлагдаж байна гэж үзэж байгаа учраас бид цугларсан. Маш олон эрхийн асуудлуудыг бид хөндөж байна. Эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр нийгмийн хамгааллын гээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тойрсон асуудал маш их байгаа.
Нийгмийн халамжийн үйлчилгээний тэтгэмж хангалтгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авч байгаа 188 мянган төгрөгөөр хүнд хэлбэрийн бэрхшээлтэй, уналт таталттай, гуурсаар хооллодог хүүхэд амьдрах уу гэдгийг асууя.
ХНХЯ-д очиж бид уулзсан. Гэхдээ түүнээс хойш ахиц дэвшил гарсан уу? Өнөөдөр засгийн газар энэ асуудлаар хуралдах байх гэж бодож байна.
Засгийн газар нааштай шийдэлд хүрэхгүй бол эцэг эхчүүд бид хүүхдүүдээ аваад гудамжинд гарцгаана. Монгол Улсын олон улсад хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж мэдээлнэ. 188 мянган төгрөг хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эм тариандаа ч хүрэхгүй байгаа асуудлыг та нар яагаад ойлгохгүй байгаа юм бэ? Хүний тооноос хасаж байгаа юм бол тэрийгээ илэрхийл.
Бид УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт шаардах бичгээ биччихсэн. Хүүхдүүд маань эрүүл аюулгүй нөхцөлд нийгэмших, хүн гэж хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Эмчилгээ үйлчилгээ хангалттай байх ёстой. Яагаад өчнөөн жил лавшруулаад, шийдвэрлэх түвшинд авч хэлэлцэхгүй байгаа юм бэ? Монгол Улсын баялгийг хүртэгчид мөн биз дээ? Эсвэл өвчтэй болохоор биш юм уу?
Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нарийн судалгаа байхгүй. 2019 оны арай цэгцтэй судалгаагаар 11 мянга байсан. Одоо 14 мянга гэж хэлж байна. Үүнээс боловсрол эзэмшиж чадахгүй нийгмээс хол байгаа 4400 гаруй хүүхэд байна. Энэ хүүхдүүд гэртээ ээж аавтайгаа, хөшигний цаана амьдарч байна. Ихэнх нь ганц бие ээж, аавууд байна. Хэвтрийн хүүхдээ хараад гэртээ сууж байдаг хүмүүс өнөөдөр 188 мянган төгрөгөөр амьдрах уу? Үүний цаана өчнөөн олон гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалахгүй байгаа юм. 123 мянган төгрөгийг эцэг эхийн асаргаанд өгч байгаа мөнгө. Энэ мөнгөөр амьдрах уу? Гэр бүлээрээ хоол идэхэд ч хүрэлцэхгүй шүү дээ.
Ядуу түвшинд байгаа ээж аавууд живхний мөнгө, байнгын таталттай хүүхдүүдийн эмний мөнгөө ч гаргах боломжгүй байна.
Бид дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгож буй нийгмийн халамжийн тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод түвшинд хүргэх, цаашлаад хүүхдийн хэрэгцээнд уялдуулан нэмэх
Өнөөдөр олгож буй 188 мянган төгрөг наад захын хэрэгцээг ч хангаж чадахгүй байна.
Хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхэд эцэг эхийн сарын дундаж бодит хэрэглээ:
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дундаж зардалд сард нийт 1,485,000 төгрөгийн зардал болж байна. Энэ нь улсаас олгож буй тэтгэмж зайлшгүй зарцуулах хэрэглээнийхээ 12,6 хувьтай тэнцэж байна.
2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа асран хамгаалагчид олгодог тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа хөдөлмөр нь маш хүнд хэлбэрийн хөдөлмөр учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгөөр цалинжуулахыг бид шаардаж байна.
Бидний шаардлагыг хүлээн авахгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ тэмцлийн хурц хэлбэрт шилжиж өлсгөлөн зарлахад бэлэн байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна