Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн мягмар гарагт Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо болон тус яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Гүнболд нарыг хүлээн авч уулзлаа.
Мөн уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Орчин бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Энхмөнх нар оролцсон юм.
Хоёр яамны удирдлагуудын уулзалтын зорилго нь агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд эдийн засагт дарамт үүсгэхгүйгээр инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх боломжийг судлах, хийж буй ажлуудаа танилцуулж харилцан санал солилцох байв.
Уулзалтын эхэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “2021 байдлаар ипотекийн зээлд хамрагдсан өрхийн 30 хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжсэн бол 70 хувь нь орон сууцнаас орон сууцанд шилжсэн байна. Гэр хорооллын иргэд орон сууцанд орох гэхэд урьдчилгаа төлбөр бүрдүүлэхэд хүндрэлтэй, өрхийн орлого банкны шалгуурт хүрдэггүй зэрэг олон шалтгаан байдаг. Иймд зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг бодлогоор дэмжих шаардлагатай. Айл өрхүүдэд эдийн засгийн дарамт үүсгэлгүй амьдарч буй байшин сууцанд инженерийн дэд бүтцийг шийдэх, хийн болон бусад шинэ технологийг нэвтрүүлэх, олон улсын хөрөнгө оруулалт татаж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг салбарын яамд хамтран эхлүүлэх нэн шаардлагатай байна” хэмээн онцоллоо.
Мөн тэрбээр агаарын бохирдол, утааны асуудлаас гадна Улаанбаатар хотын хөрсний бохирдол аюул дагуулж байгааг дурдаад “Ногоон стандартын эрхзүйн орчныг бүрдүүлж, төрөөс татварын бодлогоо гаргаж олон улсын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжийг нээхэд салбарын яамд хамтран ажиллах нь зүйтэй. Иргэд өрхийн орлогоороо зээлээ төлөх боломжийг бүрдүүлж өгснөөр тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд ихээхэн түлхэц болно” гэдгийг дахин тодотгов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна