Бизнесийн байгууллага, ААН-үүдэд төрийн хяналт шалгалтыг гурван жилийн хугацаанд зогсоохоор болсон талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрээр, "Төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг гурван жилийн хугацаатай буюу 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл түр зогсоож байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу жил бүр төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулдаг. Энэ нь аж ахуй эрхлэгч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд ихээхэн чирэгдэл учруулдаг гэж бизнес эрхлэгчид удаа дараа нийгмийн сүлжээнд илэрхийлж байсныг та бүхэн санаж байгаа.
Монголбанкны, СЗХ-ны, гааль татварын, эрүүл мэнд, нийгмийн даатгалын, хүүхэд хамгааллын чиглэлийн хяналт шалгалт зогсохгүй. Үүнээс бусад ААН, байгууллагын үйл ажиллагаа, бизнес эрхлэлттэй холбоотой бүхий л хяналт шалгалтыг гурван жилийн хугацаатай зогсоохоор боллоо. Хүний эрүүл мэнд, амь нас, хоол хүнстэй холбоотой хяналт шалгалтыг иргэдээс мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлсэн гомдлын дагуу хийнэ. Төрийн шалган туслах, зөвлөн туслах чиг үүрэг хадгалагдан үлдэж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна