Д.Сумъяабазар: Иргэд хашаандаа дэд бүтцээ шийдэн амьдрахад хотын зүгээс бодлогоор дэмжинэ

Т.Ганцэцэг
2022/05/09

Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон 2020-2025 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажлыг илүү өргөн хүрээтэйгээр эрчимжүүлэхээр зорьжээ. 

Энэ талаар Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах байр суурийг илэрхийлсэн байна. Тэрээр, "Улсын нийслэл Улаанбаатар хот бол орон сууцны бодлогыг өргөн хүрээнд авч үзэж байгаа. Өмнөх нийгмийн үед хотын бүтээн байгуулалт, төлөвлөлтөд нэг хүнд ногдох ногоон байгууламж, цахилгаан, дулаан гээд бүх стандартаа барьж явж байсан. Ерээд оноос хойш, энэхүү бодлого алдагдаж, төвлөрөл бодитоор бий болж, 500 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн нийслэл хотын хүн амын даац гурав дахин нэмэгдэж, 1.6 саяд хүрээд байна. Хүн амын ердийн өсөлт 35 мянга, механик өсөлт 40 мянга, хотын хүн ам жилд ойролцоогоор 75 мянгаар өсөж байна. Тэр хэрээр хотын даац нэмэгдэж байгаа.

Улаанбаатар хотыг олон төвт хот болгон хөгжүүлж, хүн амын нягтаршил  суурьшлыг зөв төлөвлөж, түгжрэлийг бууруулах чиглэлд зорьж байгаа. Олон төвт хот болгохын тулд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Улиастай, Шар хад гэхчлэн дэд төвүүд рүү хотоо задалж, худалдаа үйлчилгээ, бизнесийн байгууллагуудаа дагасан байдлаар хөгжүүлэх бодлогыг боловсруулаад байна.

Харамсалтай нь хөрөнгө санхүүгийн дутагдалтай байдал хөгжлийг удаашруулдаг, цаг хугацааг хойшлуулдаг, тэр хугацаанд ард иргэдийн итгэл буурдаг. Энэ бол нийгмийн судалгаанаас харагдаж буй үзүүлэлт. Тэгэхээр Хотын даргын 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх нэг гол ажил бол орон сууцны бодлого. Тийм учраас Монгол Улсын Засгийн газрын үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орон сууцны бодлого гол байр суурь эзэлж байгаа гэсэн юм.

Гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцны барилгын ажлыг хэлүүлэхэд хамгийн чухал амин судас нь дэд бүтэц. Өнгөрсөн хугацаанд төсөв мөнгөний хүрэлцээгүй байдлаас үүдэлтэйгээр гэр хорооллын бүс рүү дэд бүтцийг хангалттай хэмжээнд татаж чадаагүй нь төслийн ажил удаашрах шалтгаан болсон гэж болох юм. Тэгвэл энэ жилээс эхлэн гэр хорооллын дэд бүтцийг өргөтгөхөд жилд 30 тэрбум орчим төгрөгийг суулгаснаар гэр хорооллыг орон сууцжуулж буй аж ахуйн нэгжүүдэд том боломж болж, төслийг хэрэгжүүлэх хугацаа богиносох давуу талтай. Мөн нийслэл хотод зургаан дэд төвийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа нь дэд төвөө түшиглэн, орон сууцны барилгын ажлаа эрчимжүүлэхэд томоохон түлхэц болох юм" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна